Дахин нэг аймшигтай ослын мэдээ иржээ. Өчигдөр өглөө /07.24/ осолдсон Air Algerie онгоцны сэгийг Малигийн цөлөөс олсон боловч нэг ч хүн амьд үлдээгүй байна. Буркина-Фасогоос Алжирийг зорин нисч явсан уг онгоцонд 116 хүн сууж явжээ. Цаг агаарын таагүй байдлаас болж чигээ өөрчилснөөс хойш онгоц радарт харагдахаа больсон байна. Онгоц Буркина-Фасогийн нийслэл Уагадугу хотоос хөөрснөөс хойш 50 минутын дараа холбоо тасарчээ. Онгоц Алжирийн нисэх буудалд газардах байжээ. Онгоц осолдсон Мали нь Буркина-Фасо, Алжир хоёр улсын дунд байдаг аж. Air Algerie компанийн төлөөлөгчийн хэлснээр онгоцонд 110 зорчигч болон нислэгийн багийн 6 гишүүн байсан гэнэ. Мөн зорчигчдын 50 нь Франц, 24 нь Буркина-Фасо, найм нь Ливан, зургаа нь Алжир, тав нь Канад, дөрөв нь Герман, хоёр нь Люксембургийн иргэн байжээ. Мөн Камерун, Бельги, Украинь, Румынь, Швед, Нигери, Египтийн тус бүр нэг иргэн байсан аж.
Онгоцонд Кубын ерөнхийлөгч Рауль Кастрогийн охин Мариела Кастро явсан гэж Уагадугу нисэх буудлын мэдэгдэлд ташаа мэдээлснийг Мариела залруулж, өөрийгөө амьд мэнд, саруул сайн буйгаа мэдэгджээ. Онгоцны ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа хэдий ч цаг агаарын таагүй байдал гол үүрэг гүйцэтгэсэн гэж шинжээчид таамаглаж байна. Онгоцны явсан агаарын зам агаарын ширүүн урсгалтай таарсан байж болзошгүй ажээ. Цаг уурчдын хэлснээр тус бүсэд аянгатай, аадар бороо жилийн энэ үеэр жирийн үзэгдэл гэнэ. “Air Algerie” нь 28 оронд нислэг явуулдаг Алжирийн үндэсний агаарын тээвэр юм байна.
Орчуулсан : О.Ганзориг
Эх сурвалж : CNN
Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх