Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Хархорины зам

Нийслэлээс мордож Лүнг өнгөрөөд алаг цэцэгсийн анхилуун үнэр, дэгдээхэйтэйгээ жаргах ангир,галуу, тогорууны уяхан анирт хайлангаа Батхаан, Хөгнөхааны үзэсгэлэн төгөлдөрт биширсээр өрмөн шаргал Монгол элсний зулай зөөлөн бэлчирт дөрөө мултлав. Хархорин, Эрдэнэ Зуу, тэгээд Улаан цутгалангийн хүрхэрээ, Хятрууны голыг зорьж яваа минь тэр. Тэнд“Хоёр Загал” хэмээх төсөрхөн, тохилог, хоол унд, халуун ус сайтай жуулчны баазад тухлан хонолоо. Оройн наран уран зургийнх шиг ховор өнгөст сүлэгдэн алс уулсын оройг дэрлэх, цэнгэг саруул тэнгэрт одод сартай аальгүйтэн бүжих, үүрийн сувдан цэнхэр туяанд наран авхай баясаж орчлонг сэрээн мандах үлгэрийн гэмээр үнэн агшинд нь бие, сэтгэл өөрийн эрхгүй уусахын жаргалыг эдлэв.

 

 

Утаа, шороогүй, уур уцааргүй, атаа жөтөөгүй, сонгууль тэмцэлдээнгүй, хэрүүл гүтгэлэггүй, намчирхал, улстөржилтгүй, талцал, дов жалгагүй, бас шунал, нүгэлгүй ийм орчин Монголын минь хөдөөд ч нэн ховор гэж бодохоос дээрх торгон агшингуудыг царцаан хадгалах юмсан гэж мөрөөдөв. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ. Аргаа барсан хэрэг. Ганц ийм хоног ч бөөн жаргал хайрладаг аж.

Эрдэнэ Зууд мөргөж, эзэн гүрний нийслэлийн туурьд бараалхахаар өглөөгүүр мордлоо. Уг нь 60-хан км газар л даа. Ганцхан цагийн ажил. Гэтэл зам нь жинхэнэ “там” аж. Телевизийн мэдээнд гардаг Кабул, эсвэл Багдадын дайны хөлд цөмлүүлсэн зам харгуйг амьдрал дээр туулж үзэхийг хүсвэл үүгээр зорчих нь заавал дээрх хотууд руу аялах зардлыг баталгаатай хэмнэх нь.

Энэхүү хөрөөний ир, асга хүрэм дундах жим шиг замаар гадаад, дотоодын жуулчид, зочид, сүсэгтэн мөргөлчид зүдрэнгүй цувах нь нийслэл дэх замын шигүү хөдөлгөөнийг санагдуулав. Ядаж байхад бүх машин алтан соёмбот дарцаг намируулсан нь зүрх хөдөлгөнө. Наадам, ойн баяр, хурим найрын ид цаг.

Эрдэнэ Зуу, Хархорины туурь бол яах аргагүй Монголын аялал жуулчлалын “шилдэгийн шилдэг” бөгөөд цорын ганц төв. Социализмын үед ч, ардчиллын эринд ч гадаадын жуулчид, зочдын зорьж очдог газар хэвээрээ. Замын түгжрэлд ундууцаж, энхэл донхолыг тойрсоор бараг 3 цаг сэгрэгдсэний эцэст Эрдэнэ Зууд дөхлөө. Унадаг дугуйтай гадаадын жуулчдад атаархав. Тэд морин жимээр жийдэг аж. Сэгсрүүлэхгүй, шороонд булуулахгүй. Япон жуулчид энэхүү “там”-ыг фургоноор туулаад эцэст нь нийтээрээ цухиран уйлцгаасан гэдэг. Мөнгөө төлж, үнэт цаг, богинохон амралтаа үрж хохирсондоо, бас ”монгол зам”-д гомдсондоо тэр шүү дээ. Харин эдгээр салбарыг хариуцсан эрхэм хоёр сайд үүгээр нэг удаа залрах цаг завгүй нь мэдээж.Тэгээд ч гадаадын жуулчид сонгуульд санал өгөх биш. Аймаг, сум, багийн замууд цөм сонгуулийн зам л даа. Тэндэхийн иргэдийн санал эрхэм гишүүний тэмдэг зүүхэд нэн чухал. Гэтэл Хархорин-Хужиртын зам уран гулгуурын мөсөн талбай мэт толийж, Шунхлай хайрханы сээр дээр асар сүрлэг “цагаан хаалга” сүндэрлэсэн нь бас л сонгуультай холбоотой гэлцэнэ. Хархорины зам сүүлийн 20 жил азгүйтсэн аж. Түүнд гадаадын зээл, дотоодын төсөв, бондын санхүүжилтээс ч олдсонгүй. “Бүх зам Ром руу хөтөлнө” гэсэн Европын алдарт хэллэг нь 800 гаруй жилийн өмнө Хархоринд ч нэн хамааралтай байж. Өдгөө ч амрагчид, аялагчид, мөргөлчид, жуулчдыг Хархорин татсаар л байна. Гэвч зам нь “там” болсныг төр, засгийн сонорт жуулчид, мөргөлчид хүргэж эс чадна. УИХ-ын эрхэм гишүүд Эрдэнэ Зууд мөргөх биш, тэд  Балба, Энэтхэг, Түвдэд морилж буянаа үйлддэг. Тэгээд ч Хархорины зам сонгуулийнх биш болохоор шоовдорлогджээ, хөөрхий. Чингэсийн нийслэл Хархориныг үзүүлнэ гэж гадаадынхныг зад панаалдан авчирдаг жуулчны компаниуд бас хөөрхий. Мөнөөх “там”-ыг туулсны эцэст Хархоринд юу үзүүлдэг билээ? Өгөдэй хааны ордон, мөнгөн модны үлгэрийг л ярьж өгдөг хэвээр. Жуулчдыг ингэж хульхидсаар ирэх жуулчдыг үргээж байгаа мөртлөө 2016 онд нэг сая жуулчин авна гэх...?

Нүүрс, зэс ба төмөр, бас гай болоход алтны үнэ унаж, уул уурхайн салбар туйлдаж, экспорт хумигдаж байгаа өнөө үед шилдэг ухаантнууд эдийн засгийг “ солонгоруулна”, есөн шидтэй технологи нэвтрүүлнэ, аялал жуулчлалыг мандуулна гэж “ моодорхож” байгаа нь үнэн сонсголонтой. Тэрхүү аялал жуулчлалын салбар нь өдгөө 60 нас зооглож байгаа аж. Уг салбар сүүлийн 20 гаруй жил төр, засгийн халамжийг горьдсоор “бухын доодохыг харсаар үнэг турж үхсэн” үлгэрийн биелэл болжээ. Тэгээд “нялхсын өвчин”-дөө баригдаж өлгийндөө хатсан салбар болж хувирчээ (энэ тухай жич бичнэ). ССАЖЯ энэхүү салбарын нэгэн жарных нь ойг дурсахаас ч ичиж байгаа сурагтай. Таг чиг, нам гүм байгаа нь үүнийг гэрчилнэ. Сумууд хүртэл 90 жилийнхээ ойд зориулж ёслолын хаалга босгож буй өрсөлдөөнийг ч тус яам үл ажрах аж. 

Социализмын үед гадаадын жуулчдыг Хужирт, Хар Хорин, бас Өмнөговийн Ёлын ам руу онгоцоор тээдэг байсныг санаж байна. Тэр чинь социализм, одоо чинь капитализм гэх нь тодорхой. Гэхдээ эдүгээ ч эдийн засагт төрийн зохицуулалт багагүй, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Тэгэхлээр дээрх “там”-ыг зам болгох хүртэл Хархорин руу ядахдаа жуулчны улиралд онгоц нисгэх арга чарга олдоосой гэж муйхарлаж буй хэрэг. Ийм нислэг алдагдалтай гэвэл Засгаас дотаци өгдөг туршлага аялал жуулчлалын салбарыг дэмждэг гадаадын олон оронд байдаг. Цаад өгөөж нь илүү ач холбогдолтой болохоор тэгдэг биз.

Өмнөх Засгийн газар Өмнийн Говьд цөлжсөн хөндийд хуралдсан, одоогийн Засгийн газар нь Хөвсгөл далай дээр хуралдаж байна. Аль аль нь байгаль орчинд ч, аялал жуулчлалын салбарт ч асар чухал газрууд. Харин тэд далай ээжээс буцахдаа Хархоринд түр саатаж хуралдвал мөн гоёо. Тийм аз тохиовол Хархорин, Эрдэнэ Зууг жинхэнэ утгаар нь соёл, аялал жуулчлал, мөргөлийн иж бүрэн төв болгох, авто болон агаарын замыг нь “толийлгох”, тэгээд “үл үзэгдэх экспорт” хэмээх аялал жуулчлалыг дэмжих, түүгээрээ эдийн засгаа ойрын жилүүдэд, бас алс хэтэд солонгоруулах стратеги, зорилтоо хэлэлцэх завшаан гарч мэднэ. Чингэвэл дээрх хоёр яам гадаадын жуулчдыг уйлуулах бус, инээлгэж “аз жаргал”-ын замд нь оруулах үүд хаалга нээгдэнэ. Тэдний “шилэн данс”-ны цоожыг ч энэ салбарт нээх түлхүүр тэгж олдож мэднэ.

Бид үсэрч цовхичсоор Эрдэнэ Зуугийн хаш цагаан суваргуудын барааг харахад хурмастад уран солонго татаж, нартай бороо зөөлхөн шивэрсээр угтаж билээ. Шороо тоос ч дарагдсан нь бөөн аз. Гэдэс дотор үймэрч, толгой тархи минь дүйнгэдсэнээ ч үтэр түргэн мартаж бурханд мөргөж, буурал түүхийнхээ үнэр шингэсэн газар шорооноос адис хүртэхээр яарав. Харин бидэнтэй зэрэгцэн зүдэрсэн герман жуулчид фургоноосоо удтал бууж харагдсангүй. Тэд уйлсан ч байж мэднэ.... . Энэ зам хэзээ ертөнцийн бүх жуулчдыг Хархорин руу хөтлөх юм болдоо? Өөдрөг бодол гэгээлэг өдөрт хүргэдэг гэж өвөө минь хэлдэгсэн. Найдлага тээж хүлцэнгүй хүлээе. Харин жуулчид яах бол ...?    

 

Эх сурвалж: News.mn                                                           

 

 



Хархорины зам 
1773 2014-07-29
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх