Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Мартын 8-нд зориулсан шүлгүүд

 

 


Бурхад ч хараад дурлам
Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч
Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн
Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг
Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ
Мартын 8 мэнд хүргэе!!!

* * *

 

 

Өргөн монголын хатан ГОО
Өнөр бүлийн эзэн ГОО
Бүүвэй аялах уян ГОО
Бүхнийг шаглах уран ГОО
Эрийг чимэх саран ГОО
Энхрий аальтай бүсгүй ГОО
Эрхэмсэг тансаг хатан ГОО
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

* * *

 

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Хайранд нь дэлхий сөгдөж байдаг
Харцанд нь хорвоо уярч байдаг
Дууны сайхан нь бүүвэй байдаг
Дундрашгүй сэтгэлийн хайлан байдаг
Энгэрээс нь ундрах хайранд нь
Энэ ертөнц өлгийдүүлж байдаг
Эгэлгүй үзэсгэлэнт танд
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.......

* * *

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай

* * *

 Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж
Инээхэд тань цэцэгс дэлгэрч
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг
Эрхэмсэг гоо хатагтай
Эгэл биш, эрдэнэ шиг найзууд та бүхэндээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!

* * *

Бурхан нулимсаа харамлаж бүсгүйчүүдэд тэвчээр хайрласан Бусдаас илүү яваг гэж тэдэнд уяхан сэтгэлээ хайрласан Хүний орчлонг гэрэлтүүлэх гэж нарнаас тодоор мишээдэг юм Хүйн холбоог амирлуулах гэж эзэн тэнгэрийг бүүвэйлдэг юм Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг бүх эмэгтэйчүүддээ хүргэж байна

* * *

Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж
Инээхэд тань цэцэгс дэлгэрч
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг
Эрхэмсэг гоо хатагтай
Эгэл биш, эрдэнэ шиг бүсгүй чамд
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье

* * *

Амьдралыг дандаа инээдээр зурж
Аз жаргалын хатан нь байгаарай
Үзэсгэлэн гоогоороо өөрийгөө чимж
Үргэлжийн залуу гэрэлтэж яваарай.
МАРТЫН 8 НЫ МЭНД ХҮРГЭЕ!

Бүх эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, амьдраль тань хайраар бялхаж, ажил үйлс тань амжилтаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

* * *

Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрлийн язгуур - төрийн тулгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд эмэгтэйчүүддээ
Мартын-8 ны баярын мэндийг хүргэе!
Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархъя
Дэргэд түшсэн ханиараа гайхуулъя
Энхрий ялдам охидоороо гоёцгооё!
өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье...

* * *

Бүсгүй минь чиний төлөө олон сайхан хайр бий
Бүсгүй минь чиний төлөө олон сайхан дуу бий
Бүсгүй чиний холбоо төрсөн үр хүүхэд чинь бий
Бүсгүй минь чиний хэлхээ төө зайгүй найз нар чинь бий

Бүсгүй минь чиний өмнө эцгийн сайхан нэр бий
Бүсгүй минь чиний дэргэд эх орны минь сүлд бий
Бүсгүй минь чиний хөхөнд эрлэгийг буцаах уураг бий
Бүсгүй минь чиний хүзүүнд зэрлэгийг номхотгох үнэр бий

* * *

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү

* * *

Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү

* * *

Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ
Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь бүсгүй та юм шүү.
Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн

* * *

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Үзэсгэлэнт сайхан бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Мартын 8-ны баярын мэнд хүргэе!

Биднийх.коМ-ийн хамт олноос ...

 

 



 
4742 2013-03-08
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх