Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Монголыг шүтдэг америк залуу

Америкийн Луизианагийн их сургуулийн 22 настай оюутан Дастин Трилл Ноэль тамирчин, дуучин, хөгжимчин, ирээдүйн жүжигчин хүн. Амьдралдаа маш том мөрөөдөл тавьсан энэ залуу Монголд ганц ч удаа очиж үзээгүй ч алс холын Монгол орны хөгжим, дуунаас мөрөөдлөө биелүүлэх эрч хүчийг олж авдаг гэнэм. Түүгээр барахгүй Ноэль өөрийгөө талын хөвгүүдийн үр удам гэж үздэг. Гэхдээ зүгээр нэг тэгэж бодсонгүй, дэлхийн ард түмний түүх, их нүүдлийг судлаад өөрийгөө монгол удамтай гэж итгэдэг болж. 

 

Түүний мөрөөдөл бол хүн төрөлхтөний түүхэнд мөрөө үлдээсэн алдартай жүжигчин, хөгжимчин болох. Бусдаас онцгой байхыг хүссэндээ юу, эсвэл ямар нэг ид шидийн зүйл хайсандаа юу Ноэль Дэлхийг байлдан дагуулагч Их Эзэн Чингис хааныг үлгэрлэн дууриах хүнээ гэж үзсэн байна. 

 

Тэрбээр “Би Монголын уламжлалт аж амьдралыг шүтэн биширдэг. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан зүйл. Америкт Manifest Destiny гэдэг үг бий. Энэ нь мөрөөдлөө биелүүлэн алдар нэрд гарна гэсэн үг. Чингис хаан их том мөрөөдөлтэй байсан. Их хаан ард түмэндээ энх тайвныг олгож, шашин шүтлэгийг эрх чөлөөтэй болгосон. Ганцхан хүн үүсгэсэн гэхэд Монгол дэлхийд хамгийн том гүрэн байлаа. Чингис хаан тал хээр нутгаас ирж, замдаа тааралдсан бүхнийг эзлэн захирдаг тийм их хүчтэй болсон. Тэгсэн мөртлөө тэр нүүдэлчин хэвээр амьдарч байсан” гэж ярьж байна. Ноэль “Нүүдэлчин гэдэг бол өөрийн адуу малтай, тэсгим хүйтэн өвлийг гэрээ бариад даван гардаг улс. Би Монгол наадам, бөх, монгол хувцас, хоол, соёл, амьдралын хэв маягт нь дуртай” гэх.

 

Их сургуульд элсэхээсээ өмнө тэр Монголын тухай бараг мэддэггүй байлаа. Америкийн уугуул иргэд Монголоос гаралтай хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл уншсанаасаа хойш өөрийгөө нүүдэлчин гаралтай гэдэгт улам итгэжээ. Учир нь тэр Африкийн хар арьстан, Хойд Америкийн индиан цус холилдсон залуу. “Би Монголд хайртай. Бид ахан дүүс. Харамсалтай нь Америкт “Чингис хаан олон хүн алсан” гэхээс өөр юм мэддэггүй. Харин миний хувьд Чингис хаан бол ард түмнээ нэгтгэсэн баатар хүн. Би бас Сүхбаатар, Өгөдэй хаан, Бөртө хатан, Зүчи хааны тухай мэднэ. “Монголын нууц товчоо” уншдаг” гэж ярьж байна. 

 

Гэхдээ түүнийг Монголтой холбодог гол зүйл нь түүх биш хөгжим юм. “Trill Bird” хамтлагийнхаа бүрэлдэхүүнд тэрбээр рэп, хип-хоп, блюз дуулдаг байсан ч хоёр жилийн өмнөөс хөөмий, монгол уртын дуунд сэтгэл алдарчээ. “Цагаан Инь гэдэг кино хийж байхдаа би анх монгол хөгжим сонссон. Киноны дуу хайж байгаад Энхжаргал гэдэг  дуучны уран бүтээлтэй танилцсан. Дараа нь Khusugtun, Huun Huur Tu, Alash, Altanjargal, Hangai, Altai-Kai, E.Turmandakh нарын дууг олж сонсож эхэлсэн. “Zuuden Boroo”, “Altargana” дуунуудад их дуртай. Одоо надад 100 гаруй монгол дуу бий” гэлээ. 

 

Монгол, буриадаар дуулсан дуугаа тэр YouTube дэх өөрийн хуудсанд байрлуулдаг бөгөөд монгол үндэсний хувцас, малгайтай болбол уран бүтээл нь улам ахина гэж үзэж байна. Ноэль “Алтаргана” наадамд оролцох хүсэлтэй аж.  Түүний дуулсан “Алтаргана” дуу цахим ертөнцөд ихээхэн амжилт олоод байгаа гэнэ. Монгол хэл мэдддэггүй ч бараг ялгагдахгүй сайн дуулж чаддаг авьяастай залуу. Гэхдээ наадмаас өмнө Ноэль монгол, буриад найзуудынхаа тусламжтайгаар хөөмий судалж, Америк даяар алдаршихыг хүсч байна. “Хар арьстан монгол” залуу Америкт монгол хэл сурахад хэцүү байгаад гомдоллож, АНУ-д Монголын талаарх нэвтрүүлэг байнга гарч байхыг хүсч байна.  

 

Хөөмий оролдож эхэлсэн нь түүний спортын замналд эерэг нөлөө үзүүлжээ. Монгол хөгжмийн ачаар л тэр спортын амжилт гаргасан гэдэгтээ итгэлтэй байна. Штанг өргөж байхдаа Ноэль хөөмийлж байна гэж дотроо дүрслэн, энэ ая дуу бүх дэлхийг өргөж чадна гэж төсөөлдөг. “Спортын танхимд би хад чулуу, учирсан бүхнээ эрхэндээ оруулах Монголын байлдан дагуулагч гэсэн үг. Дэлхийд хамгийн хүчирхэг Монгол дайчин” гэж ярилаа. 

 

Тэр саяхан “Монголын нулимс” нэртэй клип хийн, интернетээр цацсан байна. Клипээ “Миний Монголын зүрх хэрхэн цохилохыг дэлхий сонсогтун. Монголын сайхан дуу хоолойг бүх дэлхий сонсохыг би хүсч байна. Энэ орон дайнд баатарлагаар амиа алдсан баатруудаа хэрхэн гашуудаж байгааг сонсогтун” гэсэн бичигтэй гаргажээ. 

 

“Намайг зорилгодоо хүрсэн цагт өвөг дээдэс маань надаар бахархаасай гэж хүсч байна. Миний уриа бол “Мартин Лютер Кинг шиг ярьж, Ганди шиг амьдарч, Күнз шиг сэтгэж, Тэмүүжин Чингис шиг хүчтэй байх” гэж хэлээд Монголд баярлалаа, хайртай шүү гэсээр Ноэль бэлтгэлдээ орлоо.  
 

Тайлбарыг news.time.mn

 

 

 

 



Монголыг шүтдэг америк залуу 
3334 2015-01-02
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх