Эрдэс баялгийн үлэмж том ордуудыг элгэн дороо агуулсан говь хэмээх энгүй өргөн тал нутаг минь нэг л зүйлээр дутагдаж, түүнийхээ төлөө энэлж, шаналж байна уу даа. Миний бие онгомол, гандмал энэ элс, чулуунд хөрвөж өссөн болохоор “ус, ус” гэсэн энэлэл, шаналалыг илүү ойлгодог байж болох юм. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан “Говь” хэмээх алдарт найраглалдаа “Говийг газар дэлхийн анхны бүтэц, дуусашгүй арвин баялгийн, дундаршгүй баян орд” хэмээн тодорхойлоод “говьд үнэндээ гол мөрөн л байхгүй” гэж харамсан бодлогошорсон байдаг. Энэ их гол мөрөн, говийн ангаа цангааг тайлах ус хаа байна?
Ус бол амьдрал. Уг нь өргөн утгатай энэ тодорхойлолт амны уншлага болоод утга агуулага нь бүдгэрч, зүгээр л хэвшмэл хэллэг болтлоо давтагджээ. Өнөөдөр ус амьтай, бүр ой санамжтай болох тухай яриа содон сонин сонсогдож байна. Японы эрдэмтэн Масару, Кобаяси, Израйлийн эрдэмтэн Штейн Зальц, Оросын эрдэмтэн В.П.Казначев нарын олон хүний судалгаагаар,ус хүний хэлсэн үг, үйлдлийг тусган авч бүтэц, хэлбэр дүрс, чанар агуулгаа өөрчлөн хун, амьтан, ургамалд эерэг, сөргөөр нөлөөлдөг байна. Үүнд эргэлзээ байхгүй, хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт боллоо. Амьтан, ургамлын бүтцийн ихэнхийг ус бүрдүүлдэг гэдгийг баталж нотлох гэх шаардлага байхгүй. Усгүйгээр өвс, ургамал ургахгүй. Усгүйгээр амьтан амьдрахгүй. Ус-амьдрал.
Энэ аугаа тодорхойлолтыг ангаж, цангаж, харангадаж үхэхийн ирмэг дээр тулсан хүн хэлсэн байх. Утга учиртай энэ хоёр үгийг хатаж, онгосон, хувхайрч, зэвхийрсэн байгаль ээж “хэлсэн” байх. Харин бид өнөөдөр усыг үл тоож, “хар ус” гээд асгаж байна. Ус уурлан урсаж байна. Гол ус татарч байна. Худаг ус ширгэж байна. Энэ талын судалгаа хийдэг дэлхийн эрдэмтэд удахгүй дэлхий байгалийн цэнгэг усаар дутагдана гэсэн дүгнэлт гаргажээ. Тэр цагт ус алтнаас үнэтэй болно гэнэ. Балга цэвэр ус олж уухын төлөө алт юу ч биш, амиа өгөх үе ирэх нь. Ус, ус энэ ер нь юу юм бэ? Үүнийг хүн ойлгох цаг нь тулжээ. Уснаас анхлан амьд организм, хөгжсөөр дээд шатандаа ухаант хүн үүсчээ. Ухаан тээгч уураг тархины 85 хувь нь ус байдаг гээд бод доо.
Ерөөсөө ургамал, амьтан түүн дундаа хүн гэдэг бол ус дүүргэсэн сав юм. Усыг нь шахчихаар шуумал болно. Хүний үхэл хорогдол устай холбоотой. Муу ус уусан нь эрт үхэж, байгалийн цэвэр тунгалаг ус уудаг нь урт насалдаг. Баримтыг холоос эрэх хэрэггүй. Кавказын өндөр ууланд амьдардаг хүмүүс зуугаас дээш настан. Нэгэн онигоо бий Уулынхныг урт наслаад байгаа учрыг олохоор сурвалжлагч очжээ. Зуун настан өвөөгөөс асууж гэнэ. Өвөө “Би архи уудаггүй, тамхи татдаггүй тэгээд л урт насалж байна даа гэж” гэнэ. Гэтэл гадаа шуугиад явчихлаа гэнэ. Тэгсэн өвөө хэлж байна гэнэ “Миний ах гэж нэг юм байдаг юм. Насаараа архи ууж энэ тосгоныг үймүүлж, шуугиан тарьдаг” гэж гэнэ.
Энд тайлбар хэрэггүй. Тэд бол уулын тунгалаг усныхан, хадны завсраас оргин гарах тэр л булаг усаар угааж, ундаалсаар зуу илүү насалдаг ард түмэн. Японы Окинова арлынхан бусдаасаа гоц өндөр насалдаг нь бас л цэвэр “амьд” усных гэж судлаачид тогтоожээ. Сэлэнгэ аймгийн таван хан уулын нэг Дулаан хан гэж сайхан уул бий. Дээр хадат энгэрээс нь булаг урсдаг. Энэ булгийн ус цэвэр тунгалагаараа гайхалтай, бас өөх, тостой хоол их идэж цатгалдсан хүн нэг, хоёр аягыг уухад тэр дороо шингэдэг, согтсон бол эрүүлждэг увидастай. 1980 оны дунд үеэс энд байнга амьдарч байгаа “Уулын өвөө” /Нэр нь Пэрэнлэй, музей ажиллуулдаг/ нас сүүдэр 90 гарсан ч ануухнаараа байна. Тэрбээр өдөр бүр уулаар явна. Өндөр насалж байгаагаа энэ усны буян гэдэг юм.
Усны гайхамшиг үүгээр дуусахгүй. Өөрт нь хандсан, хүний үг яриа, үйлдлийг ус мэдэрч, “ойлгодог” болох нь олон туршилт, судалгаа, баримтаар тогтоогджээ. Сайн үйлдэл үзүүлж, сайхан үг хэлбэл ус баярлаж бүтэц, чанар нь сайжирч, улам цэвэршин хүн амьтанд үзүүлэх нөлөө нь эерэг болдог юм байна.
Ийм усыг уусан хүнээс 10 минутын дараа цус авч шинжилэхэд цусан дахь эсүүдийн цахилгаан сэргэж, хөдөлгөөн нь нэмэгдэж, хүчилтөрөгч зөөх чадвар нь өссөн байжээ. Яг ижил усыг, ижил саванд хийж, адил хэмжээний будаа хийн нэгэнд нь “баярлалаа”, нөгөөд нь “чи тэнэг”, гуравдахид нь юу ч хэлэлгүй орхиод тодорхой хугацаа өнгөрөхөд эхнийх нь будаа соёолж, исэж байсан бол нөгөө хоёр нь харалж муудан бүр хөгцөрч эхэлсэн байна. Бас нэг ойрхны амьд жишээ бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурыг ундаргаараа тэтгэдэг Оргихын булаг. Булгийн эхэнд хүмүүс цугларч, дуу хуур болоход ус нь оргиж,”баярлан хөөрөн” бургиж буцлах юм билээ. Энгийн цагт намуухнаар жирэлзэн урсана. Эх байгальдаа байгаа, бохирдож, зовоогүй, цэвэр тунгалаг ус зөв бүтэцтэй, амьдлаг шинжээрээ агуу байдаг аж. Чухамхүү ийм ус хүний бие организмын шаардлага, тэжээн тэтгэгч нь болдгийг хүмүүс эрт галваас мэдэж рашаан хэмээн нэрлэж иржээ.
Энэ нь ач тусаа үзүүлдэг, “амьд” ус гэсэн энгийн өргөн ойлголт болохоос бус тусгай ус гэсэн хэрэг биш ажээ. Рашаан буюу амьд цэвэр усаар ундаалсан бие организм маш түргэн сэргэнэ. Бие хөнгөрөх, хоол түргэн шингэх, тархи толгой сэргэх, сэтгэл хөөрөх мэтээр сэргэлт бүх л эрхтэн системээр тод мэдрэгдэнэ. Амьд усны гайхамшиг. Тэгвэл ус амьд бол бас үхэх үү? Ийм асуулт зүй ёсоор гарна. Ус эх байгалиасаа тасарч, салсан цагаасаа бүтэц, чанар нь муудан муудсаар эцэст нь үхэж дуусна.Амьтан, ургамал үхэхээрээ яадаг билээ, ус ч адилхан. Усыг савлаж удаан хадгалбал өмхийрч, ялзарна. Урсч, ундарч байхдаа ус амьд гэсэн үг. Амьд усыг мал амьтан андахгүй мэдэрнэ. Худгаас мал услахад онгоцноос уухгүй, ховооноос уудаг, булгийн хөлөөс биш эхээс нь уухыг эрмэлздэг. Харин хүний мэдэрхүй амьд ус, савласан усыг ялгаж
танихгүй. Хананаас гоождог, хуванцар саванд савлаж дэлгүурт зардаг ус амьд биш.
Эдгээр усны эрдэст чанарыг хлор гэдэг химийн бодисоор, нянг арилгах шүултүүрээр, зэвэрч бохирдсон дамжуулагч хоолойгоор устгаж, үхмэл ус болгоно. Ийм үхмэл ус уудаггүй байсан бол хүн төрөлхтөн Кавказын уулынхан шиг, Японы Окинова арлынхан шиг, Дулаан ханы “Уулын өвгөн” шиг урт удаан насалж эрүүл энх амьдрах байсан гэдэгт эргэлзээ байхгүй. Монгол ухаанаар ус амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ /энэ үг хүссэн бүхэн биелэх утгатай/ гэнэ. Усыг ингэж дээдэлсэн ард түмэн байна уу? Ухаант ард түмэндээ сөгдөн мөргөе. Булаг усаа хайрлая, хамгаалъя. Ус ухаантай учираас галзуурдаг. Түүнийг нь архи гэж нэрлэжээ. Галзуу усыг уусан хүн галзуурч,солиорно. Хэтэрвэл бүр амь насаа ч алдана. Дээр хэлсэн бүгд усны үйлчлэл.
Эх орон маань уул нь байгалийн эрдэст цэвэр, цэнгэг мөрөн, гол, нуур цөөрөм, булаг шандаараа гайхамшигтай. Зөвхөн судлан тогтоосон рашаан ус гэхэд 300-гаад бий гэнэ. Рашаан усны судалгааг 1950-иад оноос эхлэн хэд хэдэн үе шаттай хийсэн ч бүрэн гүйцэд гараагүй байна. Манай орон зах зээлд шилжиж эрдэс баялгийн төлөөх “дайн” эхэлсэн үеэс усны ашиглалт задгайрч, усыг үйлдвэрлэлийн хэрэглээнд түлхүү ашиглах болсноор, дээр нь дэлхийн дулаарлын нөлөө эрчимжиж байгаа зэрэг шалтгаанаар усны дутагдал, бохирдол хэрээс хэтэрч Төв Азийн өндөрлөгт хамаарах манай эмзэгхэн газар зүйн эко систем алдагдахад хүрч байгаа нь нэн харамсалтай. Гэхдээ би энэ бяцхан тэмдэглэлд харамсаж халаглахаас илүүтэй, ард түмнийхээ усны тухай ойлголт, усыг олж, ашиглаж ирсэн соёлоос бага ч атугай сөхөхийг эрмэлзсэн хэрэг.
П.ГЭНДЭНЖАВ /ӨДРИЙН ШУУДАН/
Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх