Сүүлийн өдрүүдэд зурагт радио, сонин хэвлэлээр Америк хөлбөмбөгийн тоглолт, тойм, мэдээ мэдээлэл тувтан яваад салахаа больсон байгаа биз. Баярын улирал эхлэхээр мэргэжилийн болон коллеж футбол-ын алтан үе, шувтрагийн тойргууд эхлэж байгаа нь энэ. Зөвхөн “алаг бөмбөгтөй” нааддаг тоглоомыг л “хөлбөмбөг” гэж ойлгодог байсан бидэнд “зуйван бөмбөг” барьж гүйгээд мөргөлддөг спорт ойлгомжгүй санагдаад, ямар юмны “хөлбөмбөг” байхав дээ гэсэн бодол юуны түрүүнд орж ирдэг нь зүй ёсных билээ. Энэ ер нь яадаг спорт вэ, юу нь сонирхолтой байгаа юм бол, Америкчууд яагаад энэ тоглоомоо ингэж их дурлан сонирходог юм бол гэсэн асуултуудтай олон удаа тохиолдож байсан. Дүрэм журмыг нь ойлгоод, дурлаж сонирхоод үзвэл энэ спорт үнэхээр үзүүштэй сайхан, ёстой л эр хүний тоглоом болохыг ойлгосон.Added (2013-11-26, 6:56 PM)
---------------------------------------------
глолтын зарчим
Гол зарчим нь бол ердөө л бөмбөг эзэмшиж байгаа баг урагш довтолсоор эсрэг багийнхаа “арын бүсэд” очиж чадвал оноо авна. Түүнийг “touchdown” гэх бөгөөд энэ нь зургаан оноо байна. Тачдаун авж чадсан баг эрхийн дагуу “нэмэлт-оноо” гүйцэтгэх эрхтэй. Харин “нэмэлт-оноог” ёстой өшиглөж авна. Ингээд тачдаун аваад, нэмэлт оноогоо амжилтай гүйцэтгэсэн баг 7 оноотой боллоо гэсэн үг. Долоон оноо гэдэг нэг их олон оноо шиг санагдах буй. Гэтэл чухамдаа Америк хөлбөмбөгийн 7 оноо нь Европ хөлбөмбөгийн 1 гоолтой чанарын хувьд адилхан билээ. Тачдаун авсанаар довтолгоо хийсэн баг үүргээ 100 хувь биелүүллээ гэсэн үг. Мэдээж нөгөө баг нь хамаг хүчээрээ хамгаалж байгаа болохоор “тачдаун” тийм амар хийгээд байхгүй л дээ. Ихэнхдээ эсрэг багийнхаа “арын бүсэд” очиж чадалгүй дутна. Ингэсэн тохиолдолд мөн бөмбөгөө өшиглөх хэрэгтэй болно. Чавх шиг хэлбэртэй хаалганы голоор амжилттай давуулан өшиглөж чадвал гурван оноо авдаг. За ингэхийг бол “талбайн-гоол” (field-goal) гэдэг. Мөн “punt” хийх гэж байна. Энэ нь бөмбөгөө барьж байгаад өшиглөж өөрийн бүсээсээ бөмбөгөө холдуулахыг хэлнэ. Довтолж байгаа баг нийт 4 удаагийн довтлох оролдлогоор доод тал нь 10 ярд (нэг ярд 92 см) урагшлах ёстой.Чадвал довтолгоо үргэлжилсээр байна харин чадахгүй бол эсрэг тал нь бөмбөг эзэмших ээлжтэй билээ. Жишээ нь нэг тал нь бөмбөгөө аваад эхний оролдлогоор 2 ярд, дараагийнхаар мөн 2 ярд урагшилаад, 3 дахиараа нэг ч ярд ахиагүй байлаа гэж бодъё. Тэгвэл тэдэнд сүүлийн буюу дөрөв дэх довтолгооны оролдлогоор доод тал нь 6 ярд урагшлах шаардлага гарлаа гэсэн үг. Энэ нь тийм санааны зоргоор биелээд байдаг явдал бус учир ихэнх тохиолдолд багууд сүүлийн 4 дэх оролдлогоороо өшиглөж (punt) бөмбөгийг өөрийн бүсээсээ холдуулдаг байна. Учир нь дээрх тохиолдолд 6 ярд урагшилж чадахгүй л бол яг тэр газраас нь өрсөлдөгч баг нь бөмбөгөө аван довтлох тул эргээд өөрсдөө оноо алдах аюул нүүрлэж буй учраас.
Ерөнхийдөө оноо авах, довтлох, хамгаалах гол зарчим нь энэ. Ахлах дасгалжуулагч ямар хувилбараар довтолгоо гүйцэтгэвэл оноо авах илүү магадлалтай байна, хэрхэн хамгаалвал ашигтай болох, бөмбөгөө шидэх үү, эсвэл гүйх үү, бүүр өшиглөх үү гэх мэт тун олон сонголтоос тоглолтынхоо хувилбарыг сонгодог учир тэдийг дайны талбарт арми командлаж буй генералтай адилтган үздэг билээ.
Багийн бүрэлдхүүн болон байрлал
НФЛ-ын нэг баг улиралд ердөө 16 тоглолт гүйцэтгэдэг хэдий ч нийт 53 тоглогчтой байдаг нь гэмтэл бэртэл маш ихээр авдагтай холбоотой билээ. Аливаа баг довтолгоондоо болон хамгаалалтандаа тус бүр 11 хүнтэй байх бөгөөд эднийг гарааны тоглогчид гэнэ.
Америк хөлбөмбөг шатартай тун төстэй спорт шиг санагддаг. Учир нь шатарын бог, бодууд бүгд өөр өөрийн үүрэгтэй, түүнийгээ дагаж нүүдэг шиг хөлбөмбөгийн байрлал болгон мөн тус тусдаа үүрэгтэй байдаг. Багийн “уураг тархи” нь дасгалжуулагч бол “зүрх” нь quarterback буюу дамжуулагч-найруулагч яах аргагүй мөн. Сайн дамжуулагчтай багууд олон жил өндөр амжилт үзүүлэх бололцоо ихтэй байдаг учир тэд голдуу хамгийн өндөр цалинтай байдаг.
Added (2013-11-26, 6:57 PM)
---------------------------------------------
Хурд ихтэйгээс гадна баргийн эрд мөргүүлж унчихаад тоохгүй босоод ирэхээр бие хаатай, манайхаар бол хөлд сайн гүйдэг, хурд ихтэй “жижиг” Сүхбат шиг нөхдүүд голдуу “running back” гэсэн байрлалд тоглоно. Эд бөмбөг аваад урагшаа алхам газрын төлөө хайр найргүй довтлох үүрэгтэй тамирчид. Бөмбөгөө тэврээд өөрийгөө хамгаалах бололцоогүй гүйж яваа тэднийг эсрэг багийн хамгаалалтын “бухнууд” ёстой “палкат” болтол нь мөргөөд байхад л хэнэг ч үгүй босож ирээд байдаг овоо нөхдүүд дээ.
Голдуу өндөр зэгзэгэр, үсэрч харайхдаа гарамгай, шидсэн бөмбөгийг шүүрч авахдаа хулгана шүүрж байгаа бүргэд шиг чадварлаг тэгээд хамгийн чухал нь зээр гөрөөс шиг хурдтай эрчүүдийг “wide-receiver” гэнэ. Дөчин метр-ыг 5 хоромын дотор гүйхгүй бол НФЛ-д рисивер болно гэж саналт байхгүй.
Дээрх гурван байрлал бол “плэй-мэкерүүд” довтолгооны үндсэн тулгын гурван чулуу билээ. Мөн дамжуулагчаа хамгаалах, гүйгчийнхээ замыг цэвэрлэж “блок” тавих үүрэгтэй уул шиг том эрчүүд байна. Доод тал нь 130 кг жинтэй тэд гүйж харайхдаа хэнд ч мөчөөгөө өгөхөөргүй таггүй атлетик тамирчид. Өрсөлдөгч талынхаа хамгаалагч нараас дамжуулагчаа хамгаалан мөргөлдөж байгаа нь эгээ л аргаль, угалз л лугаа адил.
Хамгаалалтын баг ч гэсэн дээрх байрлалын эсрэг тулах тус тусын үүрэгтэй арын хамгаалалт, шугамын хамгаалалт гэсэн байрлалууд бас байна. Хэрэв сумо барилдвал тун сайн байж чадахаар нөхдүүд хамгаалалтын шугам дээр их байна. Харж байхад нөгөө сумогийн алгадаад дайрдаг мэхийг яг хийгээд л эсрэг багийнхаа дамжуулагч руу дайрна шүү дээ тэд.
Анх үзэхэд том биетэй эрчүүд мөргөлдөж унасан, махан овоо болсон хаашаа ч тоглоом бэ гэмээр. Гэтэл бүх тамирчидын хөдлөх, гишгэх, хийх үйлдэл болгон дасгалжуулагчаас өгсөн хувилбараар явдаг бөгөөд байрлал болгон өөр өөрийн арга,техник, мэхтэй. Үүрэг роль багатай байрлал гэж ёстой байхгүй. Тухайлбал өдрийн турш талбайд гарахгүй үүрэглэж байгаад цаг дуусах мөчид тоглолтын хувь заяаг шийдэхээр гардаг өшиглөгч гэхэд л багийн 52 гишүүн, 10-аад дасгалжуулагчийн итгэл найдварыг биелүүлэх цаг ч олон тохиолддог. Зүйрлүүлж хэлбэл хөдөлгүүрийн эрэг шураг болгоныг зөв тааруулж байж машин хөдөлдөг шиг тоглогч болгон үүргээ биелүүлж байж л ялалт ирдэг учраас Америк хөлбөмбөг гарцаагүй хамгийн мундаг стратегитэй багийн спорт гэдэгт итгэлтэй байна.